ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 ОНЫ 11 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 15. 14 цаг 36 минут

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2016 оны 11 дугаар сарын байдлаар)

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 11 сард 1921 хүүхэд шинээр мэндэлж, 478 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт  1443 болж 2015 оны мөн үеийнхээс 54-өөр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 25.38, нас баралт 6.31 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.54 хувиар,  нас баралт  1.0 хувиар тус тус өссөн байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 11 сарын байдлаар 1720 байгаагийн 792 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 223 хүнээр буюу 11.5 хувиар, 2015 оны 12 дугаар сарынхаас 222 хүнээр буюу 11.4 хувиар тус тус буурсан  байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 792 хүн буюу 46.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 165 хүн буюу 25.2 хувиар буурлаа. Эхний 11 сард хөдөлмөрийн хэлтэст 995 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 60.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.7 хувь нь дээд, 6.5 хувь нь тусгай дунд, 9.7 хувь нь  мэргэжлийн  анхан шатны  боловсролтой, 51.8 хувь нь бүрэн дунд, 6.6 хувь нь суурь, 2.4 хувь нь бага боловсролтой, 1.3 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

I.3 Эрүүл мэнд

Он гарсаар 322.6 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн бол 17.4 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 128.3 мянган хүн хамрагджээ.

              Эхний  11  сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 14577 удаа гарсны  2116 буюу 14.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага  2.8 хувиар, алсын дуудлага 11.6 хувиар тус тус өссөн бол осол гэмтлийн дуудлага 709 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 1913 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1921 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 133 тохиолдлоор их байна.

Хүн амын нас баралт 478 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 6.31 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 79 тохиолдлоор буюу 16.5 хувиар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2016 оны эхний 11-р сард 2353 болж, өмнөх оны мөн үеийнхээс 49 хүн буюу 2.1 хувиар өсөхөд улаанбурхан 310 тохиолдол, заг хүйтэн 548 тохиолдол, трихоминиаз 416 тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 11 сард 452 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 209 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 38 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2836.2 сая төгрөгийн хохирол учирсны 59.1 хувийг нөхөн төлүүлжээ. Нийт гарсан гэмт хэргийн 154 хэргийг 162 хүн согтуугаар үйлдсэн байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 142 буюу 31.4 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 48 буюу 33.8 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд 77.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 пунктээр өссөн байна.

                   

II.1 Тээвэр, холбоо:

Аймгийн Холбооны газрын нийт орлого 401.2 сая төгрөгт хүрсний 18.7 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан тээврийн газар 0.39 мянган зорчигч тээвэрлэж, 113.44 хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, 45485.1 мян.төгрөгийн орлого, Авто тээврийн төв ТӨҮГ 29.3 мянган зорчигч тээвэрлэж, 19.2 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 73.8 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ.

II.2 Төрийн санхүү:

Орон нутгийн нийт орлого 53459.1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 53611.1 сая төгрөг, үүнээс татварын орлого 13092.0 сая төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 13935.7 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 843.7 сая төгрөгөөр давсан.

Аймгийн төсвийн нийт зарлага 51885.4 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47973.7 сая төгрөгийн гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 11 дүгээр сард өмнөх сараас 0.1 хувь буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувь, жилийн эцсээс 1.5 хувиар өслөө.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.1 хувиар буурахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.3 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.1 хувиар тус тус буурсан нь нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2016 оны 11 дүгээр сард 12568 толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 6412 толгойгоор буюу 2 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 12, адуу 420, үхэр 1200, хонь 4576, ямаа 6360 толгой байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.81 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 11.5 хувь буюу 1452 толгой мал хорогджээ. Малын нийт хорогдлын 87.0  хувийг бог мал эзэлж байна.

11 сарын байдлаар төллөх насны хээлтэгч малын 80.8 хувь буюу 560158 толгой эх мал төллөж, төл бойжилт 98.9 хувьтай байна.

Ургац хураалт 11 сарын байдлаар улаан буудай 11600 тонн, төмс 2340.9 тонн, хүнсний ногоо 979.3 тонн-г тус тус хураан авч, малчид 64907.1 тонн хадлан бэлтгэсэн нь өмнөх онтой харьцуулахад 2053.1 тонн буюу 3.3 хувиар өссөн байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 52 тэрбум төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 12.2 тэрбум төгрөгөөр өссөн бол оны үнээр 50.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс 11.3 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байна.     

Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 516.7 мянган тонн нүүрс олборлож, 198142.2 мянган.квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 230484 г.кал дулаан нийлүүлж, 5278.7 тн гурил, 2069.9 тн хивэг, 1166.2 тн талх, нарийн боов, 5.7 мян.л архи, 6.4 мян.л дарс, 178.6 мян.ширхэг зайрмаг 89 мян.л сүү, сүүн бүтээгдэхүүн, 66 тн хиам, банш бууз тус тус үйлдвэрлэсэн байна.

II.6 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний 11 сард 18518.0 сая төгрөг, зарлага 39050.3  сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 2713.4 сая төгрөг буюу 17.2  хувиар, зарлага 3662.0 сая төгрөг буюу 10.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 10992 байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өссөн  байна.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
2017.12.06-ний байдлаар, төг
   Дорнод I гурил   кг   920
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1200
  Хонины мах   кг   5200
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1680
  Дизель түлш   литр   1810
  Ноолуур   кг   40000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

  2014 он    2015 он   2016 он  2017 он